8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Өлзиймаа: Буруу дадал зуршлаас үүдэж шүдний гажиг үүсч, давхарлаж ургадаг

2016-08-12 09:19:00

Сүүлийн жилүүдэд манай улсад шүдний өвчлөл ихэссэн талаар энэ төрлийн эмчилгээ үйлчилгээ явуулдаг эмч, мэргэжилтнүүд онцолж байна. Тэр тусмаа шүдний өвлөл нь бага насны хүүхдийн дунд илүү өндөр байгаа аж. Үүний гол шалтгаан нь чихэрлэг бүтээгдэхүүн их хэрэглэдэг, шүдээ зөв угааж хэвшээгүй, амьдралын буруу дадал хэвшлээс үүдэлтэй аж. Ингээд бага насны хүүхдүүдийн шүдний өвчлөл болон түүнээс хэрхэн сэргийлэх талаар “Degfin” эмнэлгийн шүдний эмч С.Өлзиймаатай ярилцлаа.

-Бага насны хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл ихэссэн гэдгийг эмч, мэргэжилтнүүд онцолж байна. Яагаад шүдний өвчлөл хүүхдүүдийн дунд их байгаа талаар яриагаа эхэлье?

-Бага насны болон өсвөр насны хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл зонхилж байна. Энэ нь олон шалтгаантай. Идэж буй хоол хүнс, шүд угаалт буруу байх,  янз бүрийн буруу дадал зуршилтай холбоотой. Тиймээс нэн тэргүүнд хүүхдийн сүүн шүд ургаж гарч ирсэн тэр цаг мөчөөс хойш тогтмол угааж, арчилж хэвших хэрэгтэй. Зориулалтын оо, сойзоор цэвэрлэж байх ёстой. Шүдэнд дээр тогтсон өнгөрийг цэвэрлэж байх ёстой. Шүлсээ хаяж чаддаг болох хүртэл нь эцэг, эхчүүд өөрсдөө цэвэрлэж өгөх ч байх шаардлагатай. Бага насны хүүхдийн шүдний арчилгааны талаар ном, сонин хэвлэл, бичсэнээр хүүхдийг нэг нас хүрсэнээс нь хойш байнга тогтмол эмчийн үзлэгт хамруулж заавар зөвлөгөө авч байх хэрэгтэй гэж бичсэн байдаг л даа. Эцэг, эхчүүд цэвэрлэх нэг өөр, мэргэжлийн эмчид хандаж заавар зөвлөгөө авч түүнийг дагуу угааж цэвэрлэвэл илүү үр дүнтэй. Бага насны хүүхдүүд хамгийн багадаа 3 сар, удлаа гээд 6 сарын дотор заавал нэг удаа эмчид үзүүлж байх ёстой.

-Ямар өвчлөл их байна вэ?

-Шүд цоорох, хорхойтох, буйл үрэвссэн тохиолдол их байна. Шүдээ үзүүлэхгүй явсаар байгаад нэг л мэдэхэд цоорсон, хорхойтож, буйл нь үрэвсэж хавагнасан хойно нь манайхан ирдэг. Үүнээс үүдэн өвдсөн шүдийг авахаас өөр аргагүй болдог. Эрт шүд авахуулах нь хор уршигтай.  Түүнээс гадна шүдний гажигтай хүүхдүүд их болсон байна. 

-Шүдний гажиг гэж юу вэ. Гажиг үүсэх нөхцөл шалтгаан юу байна вэ?

-Шүдний гажиг гэдгийг энгийн үгээр тайлбарлавал шүд зөв байрлалд, хэлбэртэй ургахгүй байгааг нь гажиг гэж хэлдэг. Нэг үгээр хэлбэл шүд тэгш бус хэмтэй ургаж байгаа, ургасан байхыг шүдний гажиг.  Харин шүд авахуулаад шүдгүй болох, түүнээс үүдэн зайтай болохыг шүдний согог гэдэг. Шүдний гажиг ихэссэн нь идэж, хэрэглэж буй хоол хүнстэй шууд холбоотой. Яагаад гэвэл бидний ээж, аав, эмээ өвөөгийн үеийн хүмүүсийн дунд шүдний гажиг гэдэг зүйл бараг байгаагүй. 1000-д нэг тохиолдог байсан байх. Их ховор байсан. Тухайн үед хатуу ааруул идэх, мэрэх, махыг шүдээрээ зулгааж идэх, зажлуулр шаардсан хоол, хүнс хэрэглэдэг байсан. Гэтэл өнөөдөр яаж байна эцэг, эхчүүд хатуу юм идэж болохгүй гэдэг. Хүүхдүүд ч өөрсдөө талхны булан идэхгүй, боов боорцог идэх гэхээр дандаа зөөлөн зүйл хэрэглэдэг. Алимныг хэрчиж эсвэл нухаж идэж байна.  Энэ нь ам болон шүд, эрүүний эргэн тойронд байгаа булчингуудийг бага ажлуулж байгаа юм. Ингэхээр шүдний тэгш бус хэм алдагдахад хүрдэг. Нэг үгээр хэлбэл шүдний зуулт муудсанаас болж булчингууд нь сулардаг. Тэр булчингууд ажиллаж ясаа цожроож зөв хөгжиж, хэлбэрт ороход нь тусалж өгдөг. Махыг зажилж идэх нь багассан аманд ороод хайлахад бэлэн болгож идэж байна. Энэ нь буруу зажлуур шаардсан хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Мөн буруу дадал зуршлаас үүдэж шүдний гажиг үүсч, давхарлаж ургадаг. Тухайлбал, гараа амандаа хийж шүдээрээ оролцох, хуруугаа хөхөх нь гажиг үүсгэдэг.

-Зарим бага насны хүүхдийн шүд зайтай, сарайсан маягтай ургасан байдаг. Энэ нь гажиг уу?

-Ерөнхийдөө бага насны хүүхдийн сүүн шүд ургахдаа эхэндээ бага зэрэг зайтай ургадаг. Тухайн хүүхдийн шүд ургаж томрох, нэмэгдэхэд шүднүүдийн хоорондох зай багасдаг. Ингэж явсаар зайгүй болдог. Зарим тохиолдол шүд хоорондын зай багасахгүй байх нь бий. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Үргэлж хуруугаа хөхөх, хэлээ гаргах, уруулаа долоох гэсэн буруу зуршлуудын үед хүүхдийн шүдний эгнээний өөрчлөлт үүсдэг. Ингэснээр шүд орсгой болох, шаймий болох, тагнай гүн болох, мөн уруулын гадна талын арьс салст хуурайшиж гэмтэх аюултай байдаг тул эцэг, эхчүүд хүүхдээ байнга анхаарч байх нь буруу зуршлаас сэргийлж байх хэрэгтэй.

-Сүүн шүд унасаны дараа хүүхдийн байнгын шүдийг яаж тэгш зөв ургуулах вэ?

-Хүүхэд хэдэн сартай байхад нь сүүн шүднүүд ургаж эхэлсэн байна гэдгээс нь хамаараад байнгын шүдээр эрт орой янз бүрийн хугацаанд солигддог. Тэрнээс бус яг 6 насанд солигдох ёстой гэсэн үг биш юм. Үүн дээр эцэг, эхчүүд санаа зовдог. Миний хүүхдийн шүд солигдохгүй удчихлаа, ургах болов уу? гэж асуудаг. Цооролд өртсөн, сувгийн эмчилгээнд явсан сүүн шүдний сурвалж  эрүүл сүүн шүдний сурвалжийг бодвол шимэгдэх нь удаан байх нь түлхүү ажиглагддаг, иймээс байнгын шүд ургахдаа удах, саатдаг. Тиймээс хүүхдийн сүүн шүд эрүүл байх нь байнгын шүд эрүүл тэгшхэн сайхан ургах нөхцөл нь болдог.

-Хүүхдийн анхны цахиур сүүн шүд ургаж эхлэх тэр үед нь эцэг эхчүүд их баярладаг. Тэгэхдээ хүүхдийнхээ шүдийг хэрхэн арчлах талаар тэр бүр мэддэггүй. Бага насны хүүхдийн шүдний арчилгааны талаар зөвлөнө үү?

-Манай эцэг, эхчүүдийн зарим нь бага насны хүүхдийн шүд өвддөггүй гэж боддог. Гэтэл хүүхдэд шүдний өвчлөл аяга, халбага, амнаас дамжуулан идсэн чихэр, ундаа, хоол тэжээлээр дамжин  бактер үүсдэг. Хүүхэд 6 сартайгаас эхлэн шүдэлж эхэлдэг. Энэ үеэс нь арчилж байх нь чухал. Эцэг, эхчүүд сүүн, шүд цахиур дээр байгаа өнгөрийг цэвэрлэж өгч байх ёстой.  Шүлсээ өөрөө хаяж чаддаг болох хүртэл эцэг, эхчүүд нь хүүхдүүдийнхээ шүдийг угааж өгч байх хэрэгтэй. Тэгэхгүй бол бага насны хүүхдүүд өөрсдөө угаахдаа буруу, дутуу угаадаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдийг зөв угааж хэвшүүлэхээс гадна тогмол цэвэрлэж байх хэрэгтэй. Мөн тогтмол эмийн үзлэгт хамрагдаж урьдчилан сэрийлэх нь чухал. Хүүхдүүдийн нас насны онцлогт таарсан оо,сойз байдаг. Түүнийг эмчийн зөвлөсний дагаа хэрэглэж занших нь хамгийн найдвартай хамгаалалт, зөв арчилгаа.  

-Идэж буй хоол хүнсний давтаж их чухал гэж та сая ярилаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Чихэрлэг хоол, хүнс идэхээр аманд хүчиллэг орчин үүсдэг. Энэ нь шүд өвчлөх орчин нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Тиймээс та хүүхэддээ чихэр өгөх гэж байгаа бол нэг дор өгөх хэрэгтэй. Тухайлбал, чихэрийг тодорхой хугацааны давтамжтай идсэнээр амны хөндийд байнга хүчиллэг орчин үүсдэг. Яагаад гэвэл нэг чихэр идсэний дараа аманд хүчиллэг орчин үүснэ. Шүлс ялгарч хэсэг хугацааны дараа нөгөө үүссэн хүчиллэг орчин багасч байтал хүүхэд дараагийн чихэр иддэг. Энэ тохиолдолд багасч байсан хүчиллэг орчин эргээд ихэсдэг. Ингэж явсаар хүүхдийн амны хөндий хүчиллэг орчин байнга үүсдэг. Насанд хүрсэн хүн ч ялгаагүй. Тиймээс чихэрийг нэг дор өгөөд дараа нь шүдийг нь сайн угааж байх ёстой. Хоол идсэний дараа шүлс их ялгараг болохоор үнэхээр та хүүхэддээ чихэр өгмөөр байвал хоолны дараа өгч байх хэрэгтэй. Мөн гурил нь бүтээгдэхүүн, жигнэмэг их шүдний планг гэмтэхэд их нөлөөлдөг. 

-Хоол идсэний дараа шүдээ угаах ёстойг хүн бүр мэддэг хэрнээ тэр бүр хэвшил болгоогүй юм шиг санагддаг. Ер нь шүдээ хэзээ угаавал илүү үр дүнтэй вэ?

-Шүдээ өдөрт 3 удаа угаадаг гэдгийг хүн бүр мэддэг. Гэхдээ орой заавал угааж байх ёстой. Учир нь орой хүний аманд шүлс бага ялгардаг. Тиймээс орой шүдээ угаах нь шүдээ хамгаалах чухал нөлөө үзүүлдэг. Мөн илүү үр дүнтэй. 

-Хөхний сүү чихэрлэг байдаг. Энэ нь шүдний өвчлөлд нөлөөлөх үү?

-Чихэрлэг байна гэдэг шүдэнд хүчиллэг орчин үүсэхэд нөлөөлнө. Тиймээс ялангуа хөхүүл эхчүүд орой, шөнө хүүхдээ хөхүүлэхгүй байвал сайн. Учир нь шүлс бага ялгардаг учраас шүд өвчлөх магадлал нэмэгддэг. Зарим хүмүүс хөхөө удаан хөхсөнөөр кальци  нөхдөг гэж ойлгодог. Энэ нь буруу. Кальци уугаад, түүнийг нөхөх бүтээгдэхүүн хэрэглэх нь шууд утгаараа кальци бүрэн авч шүдний өвчнөөс хамгаалагдана гэж байхгүй. Зөв хоололт, тогтмол зөв угааж хэвших, түүнийг дадал болгох, мэдээж тогтмол эмийн үзлэгт хамрагдах нь шүдээ хамгаалах хамгийн зөв арга.

-Хамгийн сүүлийн асуултаа тавиад энэ ярилцлагаа өндөрлөе. Сүүлийн үед хүмүүс Hollywood smile гэх зүйлийг нэлээд сонирхож, зарим нь их хийлгэх болж.

-Hollywood smile гэдгийг энгийн үгээр тайлбарлавал шүдийг тэгш хэмтэй, том танан цагаан өнгөлөг болгохыг хэлдэг. Тухайн хүний шүдний байрлал хэмжээнээс хамаарч хийх арга, техник нь өөр өөр л дөө. Зөвхөн цагаан өнгөлөг болгох, шүдний хэмжээг янзлах, жигд болгох гээд янз бүр байна. Ер нь үүнийг сонирхож ирж байгаа хүмүүс дийлэнхдээ гоо сайхан, сайхан харагдах талаас нь их ирдэг. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
маам
Маш чухал зөвлөлгөө байна өөртөө хайртай хүн болгон уншиж хэрэгжүүлээрэй найзуудаа
2016/08/19 119.40.98.162