Сангийн сайд Б.Чойжилсүрэн эдийн засгийн нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр тэрбээр Монгол Улс цалин тэтгэврээ тавьж чадахгүйд хүрээд байгааг онцоллоо. Тодруулбал, манай улс олсон 5 төгрөг тутмын 4-ийг өрөндөө төлж, үлдсэн 1 төгрөгөөр нь бусад бүх зардлаа санхүүжүүлж байгаа аж. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын дархан хил, аюулгүй байдлыг хамгаалдаг цэрэг эрсээс эхлээд, хүн ардынхаа эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг спортыг хөгжүүлж байдаг нийгмийн салбарт ажиллагсдын цалин хөлс, үйлчилгээний урсгал зардлуудыг ч санхүүжүүлэх боломжгүй болох нөхцөл байдал үүссэн талаар тэрээр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ онцоллоо. Энэ онд баталсан төсвийн орлого 7,013 их наяд төгрөг 1,8 их наяд төгрөгөөр тасарч, өнгөрсөн оныхоос 760,3 тэрбум төгрөгөөр бага төвлөрөхөөр байгаа гэнэ. Мөн Засгийн газрын өр энэ онд 17 их наяд 311 тэрбум төгрөг байхаар батлагдсан ч, оны эцэст 21,3 их наяд төгрөгт хүрч, энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 78 хувьтай тэнцжээ.
Б.Чойжилсүрэн: Улс цалин, тэтгэврээ тавьж чадахгүйд хүрсэн
2016-08-10 15:08:00