Дэлхийд данстай уран бүтээлч маань эх орондоо тайлан тоглолтоо хийхээр ирээд байгаа билээ. Тэр эрхэм бол дэлхийн сонгодог урлагийн олимп гэгддэг Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн тэмцээний Гранпри шагналыг хүртсэн дуурийн гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин, Г.Ариунбаатар юм. Тэрээр энэ сарын 19-нд Соёлын төв өргөөнд 18:30 цагт “Монгол сонгодог-2” концертоо тоглон монголчууддаа уран бүтээлээ тайлагнахаар зэхээд байгаа билээ. Дэлхий түүний дуу хоолойг чих тавин чагнадаг. Тэгвэл монголчуудад ч гэсэн дэлхийд данстай хүүгээ дэргэдээс нь тольдох ховор боломж ийнхүү тохиож байгаа юм.
-Дэлхийд данстай уран бүтээлчийгээ эх орондоо дэргэдээс нь тольдох сайхан боломж тун удахгүй тохиох нь ээ. Тоглолтын бэлтгэл ажил хэр байна даа?
-Шагнал авснаас хойш маш олон ажлыг амжуулж байна. Чайковскийн нэрэмжит уралдааны цар хүрээ олимпийн зэрэглэлд байдгийг монголын ард түмэн тодорхой хэмжээний мэдээлэлтэй болсон байх. Үүний дагуу хамгийн том шагналыг миний бие хүртсэн болохоор цаашдаа маш олон ажлууд байна. Сая ч гэсэн үнэхээр завгүй явж байгаад эх орондоо ирлээ. Одоогоор 20 хоногийн зав гаргаад Монголдоо ямар ч байсан бие даасан тоглолт хийх ёстой, ард түмэндээ уран бүтээлээ тайлагнах ёстой гэсээр ирлээ. Тэр ч утгаараа Монгол сонгодог тоглолтоо толилуулахаар зэхээд байна. Тоглолтын бэлтгэл ажил маш сайн явж байгаа.
-Хойд болон Өмнөд Америкт хийх миний соло тоглолтын бүх гэрээ, хэлэлцээрүүд хийгдсэн-
-Таны уран бүтээл, аялан тоглолтуудыг сэтгэл догдлон харуулддаг. Дэлхийг тойрон хийж байгаа аялан тоглолтуудынхаа талаар сонирхуулахгүй юу?
-Өнгөрсөн есдүгээр сарын 4-нөөс эхлэн миний дэлхийн хэмжээний аялан тоглолтууд эхэлсэн. Би төгөлдөр хуурч Деннис Манцуевтэй Оросын хотуудаар цуврал тоглолтуудаа хийж байгаа. Хажуугаар нь Нью Йорк, Англи болон одоо Хятад, Япон, Солонгосоор аялан тоглолтоо хийнэ. Мөн ирэх оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 25-н хүртэл хоёр Америк буюу Хойд болон Өмнөд Америкт хийх миний соло тоглолтын бүх гэрээ, хэлэлцээрүүд хийгдсэн, Европын аялан тоглолт гэх мэтчлэн ажлууд байгаа. Өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлуудаас гэвэл дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг Монгол хүний гараагүй концертын заал, дуурийн театруудад очиж тоглож үзлээ. Мөн яах аргагүй онцлох үйл явдал гэвэл Английн хатан хааны өргөөнд дууллаа. Хатан хааны гэр бүлтэй сайхан нэг өдрийг өнгөрөөж, оройн зоог барин ярилцлаа. Монгол хүний хувьд бас их сайхан санагдаж байсан. Гэхдээ л би чинь Монгол хүн шүү дээ. Монгол хүн чинь арай өндөрт шүү дээ гэдэг бодол дотроос салдаггүй тийм зүйл байсан /инээв/. Дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдэх Марийнскийн театрын гоцлол дуучин болсон. Одоо шинэ оны эхний өдөр буюу нэгдүгээр сарын 1-нээс энэ гэрээндээ гарын үсэг үзэглэн цаашдаа Мариинский театраар овоглоно. Хамгийн сүүлд сая арваннэгдүгээр сарын 28-нд Улаан-Үдэд Орос, Буриад зон, Сибирийн ард түмэнд тоглолтоо хийгээд ирлээ. Товчхондоо ийм байна даа.
-Монгол сонгодог олон улсын дуулаачдын уралдаан, хөгжмийн наадмыг эх орондоо зохион байгуулах юмсан-
-Эх орондоо та өмнө нь “Монгол Сонгодог” тоглолтоо толилуулж байсан. Энэ удаагийн тоглолтын онцлог юу байх вэ?
-Миний нэг ярьж хэлээд байдаг зүйл байдаг л даа. Монгол сонгодог гээд. Дэлхийн сонгодог гэхээр миний тэмцээнд дуулсан Фигарогийн ариг хүмүүс “Аан энэ чинь сонгодог юм байна” гээд л хүлээн авдаг. Харин бидний байнгын дуулдаг “Ус мөрөн олон чиг”, “Аав ээж хоёр минь” гээд дуунууд бол үнэхээр сонгодог сайхан хөгжмийн бүтээлүүд байгаа. Үүнийгээ бид тэр бүр анзаардаггүй өнгөрдөг юм байна л даа. Энэ дуунуудаа олон тайзан дээр гарч дуулж явлаа. Манай залуучууд ч гэсэн олон улсын тэмцээн уралдаанд үүнийгээ дуулдаг. Тэгэхэд гадны шүүгч нар, хүмүүс эдгээр бүтээлд амьд эгшиг байна, амьд байна, ямар гоё аялгуутай юм бэ, танайх сонгодогтой юм уу гээд байдаг. Түүнээс улбаалан надад мөрөөдөл, бодол төрсөн. Ер нь Монгол сонгодог, Монгол бүтээлүүдийг дэлхий дахинд дуулж байх ёстой юм байна гэдэг үүднээс 2012 онд дан Н.Жанцанноров багшийн бүтээлүүдээр “Монгол сонгодог” концерт анх тоглож байлаа. Энэ удаагийн тоглолт бол илүү далайцтай бүх уран бүтээлчдийг оруулна. Жинхэнэ монголын хөгжийн урлагийн акулуудын монголын ард түмний мэддэг тэр л хит сайхан дуунуудыг дуулахаар зэхсэн. Энэ нь нэг талдаа их сонирхолтой, нөгөө талдаа эдгээр бүтээлийг цаашдаа гурван улсын хэл дээр дуулан орон оронд очиж тоглох юм байгаа. Миний дотор бодогдож байдаг зүйл бол Монгол сонгодог олон улсын дуулаачдын уралдаан, хөгжмийн наадмыг монголдоо зохион байгуулах юмсан гэсэн зүйлийнхээ үндсийг л би энэхүү тоглолтоороо тавьж эхлүүлж байгаа. Энэ жилийн тоглолтод олон хүний сэтгэл санаа тус дэм оролцон маш сайхан болж байна. Тэгэхээр тоглолт маань амжилттай сайхан болохоос гадна бид том ажлын эхлэлийг тавьж байгаа гэж би өөрөө ойлгож байна.
Тоглолт бол их сайхан дуунуудыг үзэгчдийнхээ хамт дуулан дуу бүрийнхээ өмнө тухайн уран бүтээл хэдэн онд хэрхэн бүтсэн тухай тайлбартайгаар халуун дулаан уур амьсгал дор болно. Би ч гэсэн өөрийнхөө чадлынхаа хэрээр Монгол сайхан сонгодогуудаа дуулах болно. Дээр нь дэлхийн сонгодогуудаа дуулна. П.И.Чайковский, Эрнест Рахманиев, Эдвард Грег зэрэг суутнуудын бүтээлүүдээс түүвэрлэн оруулж байгаа. Тэгээд мэдээж Ж.Россини ”Севилийн үсчин” дуурийн Фигарогийн ари дуулагдана. Ер нь түлхүү Монгол сонгодог бүтээлээ оруулж байгаа. Нэрнээсээ эхлээд л Монгол сонгодгоо толилуулахаар зэхсэн учраас энэ сайхан дуунуудаа мэдээсэй сайхан дуулагдаасай. Монголын ард түмэн чинь сонгодогтой шүү. Аль уртын дуу дуулагдаж эхэлснээс авахуулаад л сонгодгийн хэвшил заншил манайд байсан байгаа юм. Яг жинхэнэ Европын сонгодог урлагийг өөрийнхөө нүдээр хараад өөрийнхөө нөхцөлд хэрхэн дуулах вэ гэдэг юм л бодогдоод байдаг л даа.
-Яг тэр утгаар нь таниас асуух гэж байлаа. Таны гадаадад хийж байгаа аялан тоглолтуудад Монгол сонгодогууд хэр эгшиглэдэг вэ?
-Би тоглолтоор явж байхдаа Б.Шарав гуайн “Аав ээж хоёр” дуу, Н.Жанцанноров гуайн “Чиний минь нулимс” гээд романсыг дуулна. Цаашлаад би Европ, Америкт хийх аялан тоглолтдоо Монгол сонгодог уран бүтээлээ түлхүү оруулна гэж бодож байгаа. Яалт ч үгүй Монгол чинь гэдэг. Жаахан төр засгаас ч байдаг юм уу бодлогын хүрээнд харж үзэх хэрэгтэй. Дээрээс нь урлаг нэг талдаа хэтэрхий уналтад орчихсон байна. Тэгэхээр дэмжлэг, туслалцаа бол зайлшгүй хэрэгтэй. Миний одоо эх орондоо хийж байгаа тоглолтод хүмүүс өөрсдөө сэтгэл гаргаад залуус нэгдээд хүртэл ирж байна. Би чинь өмнө нь тоглолт тэр бүр хийж байгаагүй болохоор туршлага бага, хэнтэй, яаж ажиллах уу, яадаг юм бол оо гээд л. Энэ бүхнийг минь хуваалцаж олон хүмүүс хамтран ажиллая гэж надад санал тавьж байна. Тэгэхээр надад маш гоё санагдаж байна. Хамгийн эцсийн үр дүндээ болвол надаар дамжуулж их олон хүмүүс Ариунбаатарын Монгол дахь тоглолт ямар болох нь уу, ер нь түүнийг монголчууд яаж хүлээж авдаг юм, Монголдоо хэр үнэлэгддэг дуучин бэ гээд олон хүмүүс харж байгаа байх гэж бодож байгаа.
-Мариинский сан миний гадаад дахь тоглолтуудыг зохион байгуулдаг-
-Монголд тоглолтоо хийхийн тулд уран бүтээлч өөрөө чамгүй олон зүйлд санаа тавих болдог. Тэгвэл таны гадаадад хийж байгаа аялан тоглолтууд яаж явагддаг вэ?
-Аялан тоглолтын бүх зүйлийг цаад талаасаа зохион байгуулж, бүрэн дааж ажилладаг. Миний гадаадад хийж байгаа аялан тоглолтуудыг нэгт Мариинский театрын дэргэдэх бүх урлагийг дэмжих Мариинский сан маань зохион байгуулдаг. Тэр сан маань жишээ нь Америк, Англид байдаг. Англи дахь сангийн тэргүүн нь Элизабет хатан. Бүхий л том гүрэнд Мариинский театрын сан байдаг. Тэр сангаар дамжуулж аялан тоглолтууд зохион байгуулагдана. Дээрээс нь би бас өөр ганц хоёр дуучдын концерт зохион байгуулдаг агентлагт бүртгэлтэй. Тэр бүхнийг зохицуулан тоглолтуудаа хийгээд явж байгаа.
-Английн Хатан хааны гэр бүлтэй уулзсан тэр мөчийг эргэн дурсахгүй юу?
-Би тэнд уригдан Мариинский театрын оркестр, тус театрын удирдаач Валерий Гергеивын удирдлаган дор ганцхан ариг дуулсан. Яг тэнд бол их олон бодол төрсөн. Ядаж Монгол дээлээ өмсөөд ирдэг байж, тоглолт дээр нь солиод өмсчихнө шүү дээ гээд л. Нөгөө талаас хэрвээ үүнийг мэдсэн бол үндэсний шинж чанар агуулсан бэлэг авдаг байж гээд/ инээв/ Гэхдээ тэнд дуулна гэж огт мэдээгүй байсан. Гэнэтийн бэлэг болсон. Ер нь тэр дотор үлгэрийн юм шиг л байсан.
-Би фэйсбүүкийн эерэг комментоос эрч хүч энерги урам авдаг-
-Таны фэйсбүүк хуудаснаас шинэ мэдээ дуулах гэж чих тавин хүлээдэг. Учир нь та фэйсбүүк пэйжээ идэвхтэй хөтөлж шинэ соргог мэдээллээ хуваалцдаг шүү дээ. Түүгээр тань дамжуулж таныг хаана явж байна, ямар уран бүтээл хийж байгаа бол хэзээ дараагийн уран бүтээл товлогдох нь уу гээд л догдлон хүлээдэг. Их ажлын хажуугаар энэ бүхнийг амжуулах амаргүй байдаг болов уу?
-Ер нь бол нэгт, фэйсбүүк гэдгийг зөвөөр ашиглая гэж бодож байгаа. Хоёрт, сонгодог урлаг гэдэг зүйлийг монголчуудад ойлгуулъя. Энэ яг өөрийн гарт байгаа эрх чөлөө бол интернэт сошиал ертөнц болчихлоо шүү дээ. Үүнийг манай залуус их хэрэглэдэг болчихсон байна. Фэйсбүүк хэрэглээ болсон учраас түүгээр дамжуулж зөв мэдээлэл олгоё гэж боддог. Түүнээс биш хаа хамаагүй зүйл бичээд өөрийнхөө чадахгүй улс төр ч байдаг юм уу хэн нэгнийг муулахаасаа илүүтэй зөв байдлаар өөрийгөө илэрхийлж явах ёстой юм байна. Би ингэж илэрхийлснээр дамжигдаж Монголын сонгодог урлаг ийм явж байгаа юм байна гэдэг мэдээллийг өгөх болов уу. Би фэйсбүүк ашиглахгүй зүгээр ашиглахгүй байж би болно л доо. Яг намайг ашигласнаар олон хүн урлагийн хүмүүс ямар их хүч хөдөлмөрөө гаргадаг юм бэ, дуулаачийн урлаг гэдэг чинь ийм байдаг юм байна, зүгээр нэг дуучин ийм байдаг юм байна гэж ялгаж байгаа болов уу гэж бодож байгаа. Тийм ч учраас аль болох хөгжилтэй сонирхолтой байдлаар өөрөө фэйсбүүкээрээ дамжуулан бүх хүний асуултад хариулт өгөн харилцдаг. Надад фэйсбүүк ашиглахад хүндрэл байдаггүй ээ. Тэрийг цаг зав гарахаараа хөтлөөд явж байгаа. Би фэйсбүүкийн эерэг комментоос эрч хүч энерги урам авдаг. Тэр хүн шууд утгаараа хэнээр ч дамжигдахгүй надтай харилцаж байгаа учраас тэр хүний сэтгэл санаа харагдан маш гоё эрч хүч авна.
-Улсынхаа театрт дүр бүтээх нь Монгол Улсын иргэний хувьд ч гэсэн үүрэг-
-Өнөөдөр АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг ганцаараа болон “Бостон балет”-ын багаараа эх орондоо ирж дуурийнхаа театрт уран бүтээлдээ тоглодог. Яг үүн шиг та төрөлх дуурийн театртаа дүр аваад тоглох уу?
-Тоглоно гэж бодож байгаа. Энэ бол Монгол Улсын иргэний хувьд ч гэсэн үүрэг нь тэр юм шүү дээ. Ард түмэндээ урлагаар үйлчлэх, тэр утгаараа одоо ч гэсэн миний хийж байгаа тоглолтын зорилго бол энэ. Би зүгээр л нэг их Ариунбаатар гэж дуучин байдаг. Би өнөөдөр ард түмний л хүү шүү дээ. Ард түмэндээ л би дуулж өгөх ёстой учраас ард түмнээ бодож монгол сайхан уран бүтээлүүдээ сонгон авч байгаа юм. Түүнээс биш цэвэр дэлхийн сонгодогуудыг дуулахаар бас нэг талдаа ойлгомжгүй хэцүү байдаг. Тиймээс ойлгомжтой талдаа энэ чинь Монгол сонгодог дуу юм шүү гээд дуулж өгөхөөр зэхээд байна. Нөгөө талдаа 2016 онд маэстро Валерий Гергеов гээд дэлхийд алдартай эхний гуравт багтдаг мундаг том удирдаачийг Монголд авчрах бодолтой байгаа. Учир нь, тэр хүн Монгол руу ирэхийг маш их хүсэж байгаа. Би Монгол руу очмоор байна. Ариунбаатар аа, чи яг хаана төрсөн юм бэ, төрсөн газар чинь очиж үзмээр байна. Ямар нутаг байдаг вэ гэж дандаа асуудаг. Дээрээс нь Мариинский театрын оркестр мундаг дуучдыг урих хамтран эх орондоо тоглолт хийх талаар ярьж байгаа. магадгүй Монголын энэхүү алдартай хүмүүсийг мэддэг хүмүүс бол энэ тухай сонсоод итгэхгүй байгаа байх. Энэ бүхнийг төлөвлөгөөндөө суулгах ёстой юм байна. Хамгийн гол нь би биш тэр хүмүүс ирэхийг маш их хүсэж байгаа. Яагаад гэхээр энд сүүлийн үеийн мундаг дуучид байгаа учраас ер нь ямар цаг ууртай юм, яг хаана хичээллэж ингэж байсан улсууд вэ гэдгийг тэр хүн үнэхээр их сонирхож байна.
-Алдарт Ла Скала театрын удирдлагууд Монголд ирж балет, дуурь, хөгжмийн гэсэн гурван чиглэлээр сонгон шалгаруулалт явуулах юм билээ-
-Дээрээс нь өнөөдөр би Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй уулзлаа. Саяхан Италийн Миланд сайдын хамт манай урлагийнхантай очин тоглолтоо хийсэн байна. Хоёр удаа ийнхүү Монголын уран бүтээлчид очиход алдарт Ла Скала театрын бүх удирдлагууд нь гарч ирэн манай урлагийнхныг хүлээж авч уулзжээ. Тэд цаашдаа дуучдын солилцоо тэтгэлэг олгох гээд бүх зүйл шийдэгдэж байгаа юм билээ. Би үүнийг сонсоод маш их баярлаад байж байлаа. Монголын олон залууст боломж гарч байгаа юм байна. Ла Скала театртай хамтын харилцаа тогтооно гэдэг бол баргийн орны бололцоо хэцүү. Тэгэхэд манайд бүрэн нээлттэй болж байна. Энэхүү боломжийг дуулаачийн урлаг, балетын урлаг, хөгжим сонирхож байгаа залуус ГХЯ руу хандахад ямар нэгэн хүндрэл бэрхшээл байхгүй юм байна лээ шүү. Үүнд заавал мэргэжлийн театр, байгууллагын уран бүтээлч байх албагүй юм байна лээ гээд зарын чанартай юм дуулгая /инээв/ Урлагт дуртай болон өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой хүн байвал ийнхүү боломж бүрдэж байгаа юм байна. Дэлхийн алдартай театртай харилцаатай байна гэдэг бол монголчуудын хувьд нэг том боломж юм. Бид өнөөдөр дэлхийн улс орнуудтай хөл зэрэгцэн явахад энэ бүхэн маш чухал. Ер нь бол аливаа улсын нүүр царай бол урлаг, спорт байдаг. Тиймээс хөгжил нь энэ хавьцаа байна гэдгийг амьд жишээгээр харуулах юм. Тэр алдарт Ла Скала театрын удирдлагуудын чихэнд хүртэл хэдийнэ Монголын сонгодог урлагийн тухай дуулдсан байна шүү дээ. Сонирхуулахад, Ла Скала театраас балет, дуурь, хөгжмийн гэсэн гурван удирдлагууд нь ээлжлэн ирж сонгох юм билээ. Энэхүү сонгон шалгаруулалтад 30 хүртэлх насны бүх дуучдыг сонсоё гэсэн байна лээ. Тэгэхээр энэ маш том боломжийг олон хүнд дэлгэрүүлэх хэрэгтэй. Энэ тухай сарын өмнө ДБЭТ руу хүргүүлсэн гэсэн. Харамсалтай нь өнөөдөр тэд ажил явуулах гэж байгаа юм уу үгүй юу бүү мэд. Үүнийг олон хүнд дэлгэрүүлээсэй гэсэн үүднээс би онцлон ярьж байгаа юм.
-Ирэх оны ажлын төлөвлөгөө тань нэлээд шахуу хуваариар хэдийнэ гарчээ дээ. Монгол Сонгодог тоглолтын дараа ямар ажлууд таныг шинэ оны босгон дээр хүлээж байгаа вэ?
-Ер нь бол хэдийнэ гарчихсан. Зарим нэг тоглолтуудаа цуцлахгүй бол тоглолтууд давхцаад байгаа. Ирэх оны эхний тоглолт нэгдүгээр сарын 9-нөөс Бээжингээс эхэлж байгаа. Хоёрдугаар сарын 14-нд БНСУ-д дуурийн том фестивальд оролцоно. Ер нь бол би өөрийгөө чармайсны хүчинд их азтай байгаа гэж бодож байгаа. Яагаад гэвэл сая Большой театрт болсон тоглолт байна. Тэнд дэлхийд дуулж байгаа уран бүтээлчидтэй хамгийн бага нь гээд зэрэгцээд нэг тайзан дээр гарлаа. Одоо тэгээд БНСУ ч бай энд тэнд тайзан дээр гарахад хамгийн бага нь гээд л гардаг. Тэгэхээр би энэ эрчээрээ яваад 10 жилийн дараа гэхэд бас нэг дунд хавьцаа нь очих ч юм бил үү. Одоо надад зорилгоосоо няцах эрх байхгүй.
-Зөвхөн концертын дуучин бус жинхэнэ дуурийн дуучин байх ёстой гэдэг-
-Та ирэх нэгдүгээр сарын 1-нд Мариинский театрт гоцлол дуучнаар ажиллах гэрээгээ үзэглэнэ гэсэн шүү дээ. Эхний байдлаар ийм дүрүүд дээр ажиллана гэсэн төлөвлөгөө гарсан уу?
-Би одоо “Кармен” дуурийн Эскамильогийн дүрийг хийж байна. Мөн "Пиковая дама" дуурийн Елецскийн ари, гуравт “Трубадур” дуурийн Ди Луна гээд гурван дүр хийж байгаа. Нью-Йоркийн Метрополитан опера надад энэ гурван дүрийн даалгавар өгсөн. Хажуугаар нь би маэстротой ярьж байгаад Мариинский театрт энэ гурван дүрээрээ эхлэе гэж ярьсан. Цаанаасаа бол маш шахуу байгаа. Зөвхөн концертын дуучин явж болохгүй чи бол жинхэнэ дуурийн дуучин байх ёстой гэдэг зүйлийг манай Валерий хэлсэн. Миний энд тэнд тавьж байгаа концертууд бол би боломж л хайж байгаа. Өшөө олон хүмүүст ая дуугаар хүргэх юмсан гээд. Гэхдээ очсон газар бүрээсээ эргэн урилга авч байна. Английн хатан хааны ордонд очиж дуулсан эргээд л урилга авсан. Сая Улаан-Үдийн театрт Хатан хаанаас захиа ирчихсэн байна. Манай багш “Би үүнийг чинь задалж чадахгүй байна. Их л гоё хатан хааны тамгатай захидал байна” гээд интернэтээр үзүүлсэн.
-Та хэзээ тэр захиагаа үзэх вэ?
-Миний тоглолтоор л ирнэ дээ. Тэгээд мэдээж фэйсбүүкээрээ захидалд юу байсныг дэлгэнэ ээ.
-Удахгүй шинэ жил боллоо. Та шинэ жилээ эх орондоо үдэх үү. Ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Мариинский театраас дуудаад байгаа. Бараг тийшээ явчих болов уу. Гэхдээ аль болох байхыг бодно доо. Энэхүү тоглолтыг зохион байгуулахад тусалж дэмжсэн бүх хүмүүсээ дурдах хэрэгтэй. Миний тоглолтыг “Гэр” групп зохион байгуулж байгаа. Тоглолтын ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг, Юнител групп, Ард даатгал, Sound Of Mongolia , Морин хуурын чуулга, Торго загварын товчоо, Мөнхийн үсэг компанийнхандаа Монгол сонгодог урлагийг дэмжин ажиллаж байгаад маш их баярлалаа гэж хэлмээр байна. Цаашид хамтран ажиллах болно.
-Таны тоглолтод амжилт хүсье. Тэсэн ядан хүлээж байгаа шүү.
-Баярлалаа. “Монгол сонгодог” тоглолтоороо ард түмэнтэйгээ уулзъя.