8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Анхбаяр: Өнгөрсөн жилийн оролцогч маань морин хуураа хуурдахад үзэгчид төдийгүй шүүгчид үнэхээр алмайрсан

2015-12-07 08:06:00

Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Face of beauty international” олон улсын тэмцээн ирэх жил манай улсад зохион байгуулагдахаар болжээ. Энэ талаар тэмцээний ерөнхий зохион байгуулагч Ж.Анхбаяртай уулзаж ярилцлаа.

- Монголд дэлхийн хэмжээний миссийн тэмцээн зохион байгуулагдах гэж байгаа юм байна. Мэдээж эрхийг нь авах гэж нэлээд хүндрэлтэй байсан биз?

- 2013 оноос эхлэн энэ тэмцээнийг эх орондоо зохион байгуулах санаа өвөртлөөд жил болгон санал тавьж байсан л даа. Яагаад гэвэл энэ тэмцээний нэр хүн жил ирэх тусам өсч байна.  Манай улсын аялал жуучлал, хөрөнгө оруулалт гээд аль ч талаараа бодсон энэ тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хэрэгтэй юм гэж бодсон юм. Ингээд гурван жил дарааллан татгалзсан хариу авсан. Танай улс чинь хүн ам цөөтэй, жижиг эдийн засагтай, наанадаж оролцогчдыг байрлуулах зочид буудал чинь стандарт хангах уу, дэлхийн 10 гаруй улс оронд шууд дамжуулах боломж байгаа юу гээд их эргэлзсэн. Ингээд 2016 онд энэ тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө Шинэ Зиланд, Австрали, Тайвань, Монгол гэсэн дөрвөн улс тэмцээнийг эх орондоо зохион байгуулахын төлөө өрсөлдсөн. Тухайн үед боломжтой юм байна гээд ерөнхий зохион байгуулагч Мила Мануел намайг төсөл бичээд ир гэсэн л дээ. Тодруулбал тэмцээний оролцогчид ийм буудалд бууна, шууд дамжуулалтыг ингэж хийнэ гэх мэт.  Тэгээд л “Чиний хичээл зүтгэлийг би харж байна. 2016 онд хоёулаа хамтарч ажиллаад, энэ тэмцээнийг Монголд зохион байгуулъя” гэж хэлсэн. Ер нь тэмцээнийг зохион байгуулах эрх тийм ч амар олдоогүй. Учир нь манай улс олон улсын миссийн тэмцээнийг зохион байгуулж байсан туршлагагүй, зохион байгуулагчдын зүгээс бидэнд итгэл хүлээлгэх боломж тун бага байсан учраас хүнд байсан.

- Тэмцээнд ойролцоогоор хэдэн орны мисс бүсгүйчүүд ирэх вэ?

- Доод тал нь 60 орны бүсгүйчүүд ирнэ. Гэрээгээ хийчихсэн байгаа. Монголд 14 хононо. Оролцогч миссүүд маань “Face of beauty international” тэмцээнтэй гэрээтэй агентлагуудаас сонгогдсон, тухай улс орондоо энэ тэмцээнд орох эрхийг нь авсан бүсгүйчүүд ирнэ.

-Дэлхийн хэмжээнд маш олон миссийн тэмцээн зохион байгуулагддаг. Бусад олон улсын тэмцээнүүдээс юугаараа ялгаатай юм бэ?

-  “Miss world”, “Miss international”, “Miss earth” гээд хүмүүсийн сайн мэдэх энэ тэмцээнүүд нэлээд эртнээс зохион байгуулагдсан. Тиймдээ ч “Их дөрөвт” багтдаг. Харин 5 дугаар байранд хүч түрэн орж ирж байгаа тэмцээн бол “Face of beauty international”. Энэ тэмцээнд тухайн улс орноосоо ямар бүсгүйчүүд ороллцож байна, эхний тавд ямар улсын миссүүд орж байна гэдгийг чих тавьж хүлээдэг хүмүүс жил ирэх тусам нэмэгдсээр байна. “Face of beauty” буюу гоо сайхны нүүр царай гэдэг утгаараа дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа дотоод, гадаад гоо сайхнаараа бусдыгаа манлайлсан, сайн сайхны дуу хоолой болж чадах тийм миссүүдийг тодруулдаг. Манай тэмцээнд “I am me” гэдэг номинаци бий. Энэ номинацид оролцогч бүсгүйчүүд маань өөрийнхөө улс оронд, өөрийнхөө амьдралд, цаашлаад дэлхий нийтэд тулгамдаж байгаа асуудлыг хөндөж, үүнээс хэрхэн яаж гарах арга замын тухай оновчтой гаргалгаа хийж, үзэгчдийн болон шүүгчдийн сэтгэлийн хөдөлгөж, үнэхээр боломжтой юм байна шүү хэмээн дуу алуулж чадсан оролцогч тэргүүн байр орж, цаашлаад тэмцээнийг шигшээд үлдэх, байр эзлэх магадлал өндөр болж ирдэг.

- Гоо сайхан гэдэг бол маш өргөн ойлголт. Тэгвэл энэ тэмцээнд оролцогчдыг хэрхэн сонгон шалгаруулдаг юм бэ?

- Улс болгонд над шиг тухайн тэмцээнд оролцогч илгээх эрх бүхий агентлаг, компаниуд бий. Тийм болохоор улс болгоны шүүлт өөр, өөр байна. Миний хувьд 2013 оноос эхлэн энэ тэмцээнд оролцогч илгээж эхэлсэн. Миссийн тэмцээн гэхээрээ яагаад заавал загвар өмсөгч юм уу загвартай холбоотой охидууд оролцох ёстой юм бэ. Яагаад боловсрол, мэдлэг, ур чадвар нь өндөр мөртлөө нуугдмал байдаг охидуудыг оролцуулж болохгүй гэж, тэднийг ил гаргая гэсэн бодолтойгоор оролцогчдыгоо сонгон шалгаруулж ирсэн л дээ. Энэ маань амжилттай хэрэгжиж байна.  2013 онд “Ийгл” телевизийн хөтлөгч Г.Билгүүн хамгийн анхны оролцогч болж оролцоод шилдэг 15-д шалгарч, мөн спортлог, авьяаслаг, нөхөрсөг мисс болон шилдэг үндэсний хувцастай мисс гэсэн 4 номинацийн эзэн болж том амжилт гаргаж байлаа. 2014 онд Японы загварын агентлагт ажилладаг Б.Ариунзаяа гэдэг охин оролцсон. Өөрөө мэргэжлийн морин хуурч учраас авьяаслаг миссийн төрөлд хоёрдугаар байр, шилдэг үндэсний хувцастай миссийн хоёрдугаар байрыг мөн эзэлсэн. Энэ жилийн хувьд Т.Анаргоо гэдэг охиныг оролцуулсан. Өөрийнхөө хэмжээнд тэмцээнд сайн оролцоод ирсэн байгаа.   

-Танай оролцогчдын авсан шагналууд дотор шилдэг үндэсний хувцастай мисс, авьяаслаг мисс нэлээд хэд байна. Бүгд л үндэснийхээ урлагаар эдгээр шагналуудыг авчээ. Манай улсын соёлын онцлог уу эсвэл оролцогчдын ур чадваруу?

- Манай улс чинь бусад улс орнуудаас өөрийн гэсэн онцлог ёс заншил, соёлтой.   Хөгжмийн зэмсэг, бүжиг гээд л. Бүхий л талаараа өөрсдийн гэсэн омогших онцлогтой. Энэ давуу талаа бид ашиглаж чадвал тэмцээн уралдаанд амжилттай оролцох магадлал өндөр юм. Тиймдээ ч 2014 оны оролцогч маань морин хуураа хуурдахад үзэгчид төдийгүй шүүгчид үнэхээр алмайрсан. Үнэхээр сайхан мэдрэмж авсан гэж тэмцээний дараа зохион байгуулагчид нь ярьж байлаа.

-Хамгийн багадаа 60 орны мисс ирнэ гэж та хэллээ. Тэдгээрийн дагаж ирэх хүмүүс, үзэгчид гээд эдийн засаг маань хүндхэн байгаа энэ үед бага ч тулгуур болж өгөх болов уу гэж бодогдож байна?

- Тэгэлгүй яахав. Би энэ талаар гурван зүйлийн талаар тодотгож хэлмээр байна.  Хамгийн түрүүнд анх удаа дэлхийн хэмжээний миссийн тэмцээнийг эх орондоо, дэргэдээс үзэх боломж олдож байна. Энэ нь монголчуудыг дэлхийн хэмжээний томоохон тэмцээнийг эх орондоо зохион байгуулах чадалтай, чансаатай шүү гэдгийг харуулах, таниулах ач холбогдолтой. Хоёрдугаарт 60-70 орны миссүүдийг дагалдаж ирэх маш олон хүмүүс байна. Загварын агентлагуудын захирлууд гэр бүл найз нөхөд гээд л ойролцоогоор 300 гаруй хүн ирэх төлөвтэй байгаа. Мөн үүнээс ч илүү хүмүүсийг тэмцээнийгээ далимдуулж ирүүлэхийн тулд бид 7 хоногийн багц гаргахаар төлөвлөж байна. Хоол, буудал, унаа гээд бүгдийг багтсан. Судалгаагаар нэг жуулчин монголд ирээд 7 хонох хугацаандаа дунджаар 1500-2500 ам.долларыг зарцуулдаг гэнэ. Тэгэхээр үүнийг 300 гаруй хүнээр үржүүлэхэд 450-750 мянган ам долларыг хөрөнгө оруулалт хийх боломжтой гэсэн тооцоо байна. Өөрөөр хэлбэл тэмцээн зохион байгуулж буй зардлаасаа хэд дахин илүү өндөр хөрөнгийг эдийн засагтаа эргэлдүүлэх боломж харагдаад байгаа юм. Гуравдугаарт ирж байгаа хүмүүсээс гадна энэ тэмцээнийг дэлхийн 10 улс оронд болон Youtube сайтаар шууд дамжуулна. Тэгэхээр интернэтээр болон шууд дамууулалтаар үзэх хүмүүсийн тоо хэдээр хэмжигдэхийг ч хэлж мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор финалын буюу төгсгөлийн шатны арга хэмжээгээ маш сайн зохион байгуулах шаардлагатай байна. Энэ хоёр цагийг маш үр дүнтэй, өөрсдийнхөө онцлогыг сайн харуулж, сайн зохион байгуулж чадвал ирэх жил монголд үүнээс ч илүү хүн аялахаар ирэх боломжтой шүү дээ.  Би өөрөө аялал жуучлалын биш бас загварынх ч биш болохоор энэ салбарт ажилладаг туршлагатай хүмүүстэй хамтарсанаар амжилттай хэрэгжүүлж чадна гэж гэж бодож байна.

- Тэгвэл манай загварынхан бас нэлээд боломж гарч ирж байна шүү дээ?

- Тийм шүү. Монголын загварын тодорхойлж байгаа маш олон брэнд байна. Монголын загвар зохион бүтээгчдийн хувцас олон улсын хэмжээнд танигдаад эхэлчихлээ. Дээр нь манай онцлог бүтээгдэхүүнүүд болох нэхий, ноолуураар хийсэн бүтээгдэхүүнийг “Топ модель” номинаци дээрээ оролцогчидоороор өмсүүлээд тайзан дээр алхана гэдэг маш том сурталчилгаа, бас давуу тал болно. Мөн ирээдүйд манай улсын бүсгүйчүүд олон улсын миссийн тэмцээнүүдэд оролцоно. Тэдгээр бүсгүйчүүд хэрхэн тэмцээн амжилттай оролцох талаар судлах бас нэгэн боломж нээгдэж байгаа юм.

-Зохион байгуулалтын хэрхэн яаж хийх вэ? Манайд дэлхийн томоохон хэмжээний миссийн тэмцээн зохион байгуулах боломж байна гэж үзэж байна уу?

- Байна шүү байна. Ер нь сүүлийн үед зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнүүдийн чанар чансаа, тайз, гэрэл чимэглэлүүд “пөөх” гээд уулга алдуулмаар гоё зүйлүүд зөндөө байна. Дэлхийн сүүлийн үеийн техникийн технологиудыг монголдоо авчирсан студи продакшнууд ч олон болсон байна. Тийм болохоор энэ үнэхээр боломжтой. Боломжтой шүү гэдгээ энэ тэмцээнээр харуулъя л гэж бодоод байна. Хэрэв харуулж чадвар дэлхийд тэргүүлдэг Дэлхийн миссийн тэмцээнийг яагаад эх орондоо зохион байгуулж болохгүй гэж.   

- Тэгэхээр маш том хариуцлага танд ногдож байна даа?

- Харин тийм. Гэхдээ тэмцээн зохион байгуулна гэхээр зарим нэг хүмүүс монголын эдийн засаг ийм хүнд байхад чинь яах гээд байгаа юм, чадах уу гэх мэт сөрөг хандлагууд байна л даа. Нэг талаараа энэ тэмцээнийг зохион байгуулахын тулд их зардал орох нь гэж хүмүүс болгоомжилж байгаа байх. Дэлхийн мисс-ийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулахын тулд зөвхөн лицензийн мөнгө гэж сая доллар төлдөг юм билээ. Бусад зардалуудаа нэмбэл маш их хэмжээний мөнгө яригдах нь ойлгомжтой. Харин “Face of beauty international” тэмцээний тухайд гэвэл манай улсад анх удаа зохиогдох миссийн тэмцээн гэдгийг харгалзан үзээд надад боломжийн үнэ санал болгосноос гадна олон хөнгөлөлт өгч байгаа учраас харьцангуй бага зардлаар бүтэх боломжтой. Ер нь боломжийн мөнгөөр зохион байгуулж байгаа. Энэ тал дээр санаа зоволтгүй шүү гэж хэлмээр байна.   

- Тэмцээний нэг чухал хэсэг нь шүүлт байдаг талаар хамгийн анхны оролцогч  Г.Билгүүн нэгэн ярилцлагандаа онцолж байсан. Оролцогчдынхаа хувцасыг нь зөөгөөд явж байсан хүн тэмцээний шүүгч байх жишээний?

- Тэмцээний гэрээ нь маш нарийн зүйлүүд хүртэл заагдсан байдаг. Зочид буудал ийм байх ёстой, зохион байгуулагчдын зүгээс ийм зүйлүүдийг бэлдэх ёстой гээд л. Тэрхүү гэрээнд заагдсанаар бол нийт найман шүүгчидтэй. Одоогоор тодорхой болсон нь Тэмцээний ерөнхий зохион байгуулагч Мила Мануел /Mila Maneul/, “Missosology” сайтын тэргүүлэгч Павее Винтура /Pawee Ventura/, өнгөрсөн жилийн тимтийн эзэн Мексикийн гоо бүсгүй Ералди Барраза /Yeraldi barraza/ болон өөр нэг олон улсын шүүгч ирнэ. Үлдсэн дөрвөн шүүгчийг манай талаас сонгож оролцуулах юм. Тэмцээн ойртохоор Монголыг төлөөлж чадах, олон улсын хэмжээнд Монгол улсыг таниулж чадах тийм хүнийг сонгож хамтарч ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байна. “Missosology” сайт тэмцээний туршид сурвалжилна гэдгээ албан ёсоор мэдэглчихсэн байгаа. Зөвхөн цахим орчин 300 мянган хүн идэвхитэй дагадаг. Энэ сайтын зүгээс тэмцээнд оролцож байгаа бүсгүйчүүдэд судалгаа хийгээд эхний 15-нд ийм ийм орны бүсгүйчүүд орох магадлалтайг гаргаж ирдэг. Энэ таамаг ч тэмцээний шүүлттэй ойр гардаг болохоор загварынхан дунд нэлээд нэр хүндтэй байдаг юм. Энэ мэтчилэн мэдээллийн сүлжээ, сэтгүүлчдээр дамжуулан Монголын соёл урлаг, хувцас загвар, Нийслэлийн бүтээн байгуулалт гээд тэр бүх зүйлийг дэлхий нийтэд таниулан сурталчлах боломжтой. Тийм учраас манай улсын салбар бүрт эерэг нөлөөтэй л гэж би харж байна.

Ярилцсанд баярлалаа Б.Заяа  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
tiim bailaa geed yadaag yum ulugchin mini chamaig tooj shaagaagui yu te
2016/04/10 103.17.108.42
ene zaluu gomo ym blee shvv
2016/01/11 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment