Хурдан морины салбар хорооноос болзошгүй аюулаас сэргийлэн уяач, унаач хүүхдүүдэд тодорхой санамжуудыг өгч эхэлжээ. Тухайлбал, унаач хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийн дагуу даатгалд даатгуулсан тохиолдолд хурдан морь унуулахыг зөвшөөрөх аж.
Хүй долоон худаг дээр жил жилийн баяр наадмаар хурдан морины унаач хүүхдийн эрх ашгийн асуудал хөндөгдөж эхэлдэг. Тиймээс Үндэсний баяр наадмын тухай хуулийн “Баяр наадмын хурдан морийг долоогоос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд хамруулсан байна” гэсэн заалтын дагуу Хүүхдийн төлөөх үндэсний газар, Монголын морин спортын уяачдын холбоо хамтран дээрх шийдвэрийг гаргажээ.
Дашрамд дурдахад, баяр наадмын зохион байгуулагчид өнөөдөр Хүй долоон худаг дахь бэлтгэл ажлын явцтай танилцсан байна. Энэ үеэр наадам болон АСЕМ-ийн хурлаас үүдэн гадны зочид, жуулчдын тоо эрс нэмэгдэх тул бэлтгэл ажилдаа хариуцлагатай хандахыг Шадар сайд тэргүүтэй албаныхан даалгасан байна.